В.Отгондэмбэрэлийн оронд Д.Жигжиднямааг томилжээ
Монгол, Оросын хувь нийлүүлсэн Төмөр зам нийгэмлэгийг тойрсон ээлжит шуугиан өрнөж эхэлжээ. Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хуралдаан хоёр өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөжээ. Гэхдээ хурал чимээ анир багатай болсон ч нийгэмлэгийн даргын халаа солиог хийж амжсан байна. .
Эх сурвалжийн мэдээлснээр Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан В.Отгондэмбэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг уг хурлаас гаргасан ба түүний оронд тус нийгэмлэгийн Тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямааг томилжээ. Тус томилгооны талаар шинэ дарга Д.Жигжиднямаас тодруулахад, “Намайг нэг сарын хугацаатай Төмөр замын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Харин нэг сарын дараа Монголын тал замын даргад тавих хүний нэрийг дэвшүүлнэ” гэв. Хурлаар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулах тухай хоёр орны Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх асуудлыг түргэвчилж энэ оны эцэс гэхэд шийдвэрлэх болсон юм.



